


Өглөө бүр болдог зүйлс ар араасаа хөвөрч, гэрт толгой түрүү нь олдохгүй бужигнаан. Өөрийнх нь хамгийн дуртай хүүхэлдэйн кино гарчь анхаарлаа сарниулахгүйн тулд буйдан дээр чимээгүй сууж буй түүнийг анзаарах ч сөхөө хэнд ч байсангүй.
-
Хичээлийн хэрэгслүүдээ дутуу бэлдчихээд уйлж залгаад байдгаа одоо болино шүү. Хичээл орж байх хугацаанд хэний чинь ч дугаарыг авахгүй гэж мэдээрэй нөхдүүдээ хэмээн гал тогооны өрөөнөөс хашгирч буй ээжийн хоолой зүрх рүү ёстой янхийтэл зоож байгаа хутга шиг сонсогдлоо.
Ийм зүйл сонссоны дараагаас жижгүүдийн армийнхан илт хөдөлгөөнд орж байгаа нь мэдрэгдэж ийш тийшээ гүйлдэж эхлэв. Би ч бас тийм байдалд орохгүйг хичээж аль болох бүх зүйлээ дахин дахин шалгах авч үнэндээ их зүйл байсангүй.
Хүүхэлдэй дуусах цагтай давхцан гаднаас амьсгаадан орж ирж буй аав гутлаа ч тайлалгүй гал тогоонд очиж ээжийг аажуухан үнсээд бидэнд дахиад тайван цайгаа уух зургаан минут байгаа болохоор битгий бухимдаарай хайраа гэж тайвшруулж байгааг нь сонсоод бид ч бас мөн тэгэв.
Ээж ааваас тийм үг сонссоныхоо дараа харин бүр инээмсэглэж, тэрүүгээр далавчаа дэвэн нисэж буй том шувуу шиг болж их л аз жаргалтай байгаа нь харагдана. Аав над дээр ирээд бас гоё үг хэлээсэй гэж өөрийн эрхгүй хүссэн тул хүүхэлдэйгээ дуусгалгүй шуудхан тийшээ хөлийн хурд мэдэн гүйв.
Намайг гүйгээд очихоор тэвэрч аваад дээш өргөөд хөөрхөн шүү чи минь гэж хэлээд зөндөө эрхлүүлж урам зориг өгөх үгс хэлэх байхдаа гэж бодоод урдахаа ч харах сөхөөгүй болчихсон байлаа.
Харин байдал шал өөрөөр эргэж бараг л бүжиглэж байсан аавыг очиж мөргөснөөр гартаа барьсан тавагтай хоол нь газарт унаж тэрүүгээр нэг юм болов.
Би буруутай..
Эргээд дайны байдалд шилжиж байгаа нь ойлгомжтой болж, над руу харж байгаа тэр хүйтэн харц амьдралын минь мөрөөдлийг үгүй хийчих шиг л боллоо. Аав над руу хашхирч ээж уурссандаа мөн л хүйтэн үзэн ядсан өнгөөр харж яацарсан золгүй амьтан гэхээрээ ийм төвөгтэй, сахилгагүй болчихдог юм бэ хэмээн хашгирч өгөх нь тэр.
Өнөөдөр надад муухай өдөр байхыг би мэдэрч эхлэв. Эхлэв ч гэж эхнээсээ бараг л мэдэж л байсан л даа.
-
Энэ муу гөлгийг энд байлгаж ер нь яадаг юм. Энэ яавч олигтой амьтан болохгүй гэдгийг чи мэдэж байсан биз дээ. Тэр ээжшүү ухаантай юманд нь өгөөд явуулсан бол одоо ингэж зовохгүй байсан шд хэмээн хашгирч байгаа ээж маань энэ удаад надад үнэхээр таалагдсангүй.
Аав ийм үед нь юм дугардаггүй шууд үйлдэл хийдэг гэдгийг нь мэддэг болохоор би аль болох бушуухан зугтаж хоёр давхарт өрөөндөө очиж нуугдахаар шийдлээ. Магадгүй намайг ололгүй гараад явчихвал би өөрөө цэцэрлэг рүүгээ явж чадах юм чинь гэж гомдсондоо уйлан байж гаргасан шийдвэр маань хамгаас зөв хэмээн бодож, булангийн том шкафны гүнд чихэгдэж орсон бамбаруушныхаа араар ороод хаалгаа хаачихав. Энэ бамбарууш бид хоёр ухаан орсон цагаасаа л найзалсан болоод ч тэр үү их дотно. Би хааяа ганцаараа нууцаар түүнтэйгээ ярьж мөрөөдөх дуртай. Мэдээж миний өөдөөс юм хэлдэггүй ч гэсэн тэр маань сонсоод толгой дохин инээж, надад ирээдүйд мундаг хүн болох итгэлийг өгдөг найзуудын маань нэг.
-
Муу хар гөлөг. Муу амьдралын садаа минь бас хаашаа орчихов оо. Хөөш .. гэж бахирсаар шатаар өгсөж буй ээжийн хоолой яг л аймшгийн хүүхэлдэйн дээр гардаг мангас шиг сонсогдож, би амаа даран чимээ гаргалгүй буландаа шигдэн суув.
Ах нар маань надад нууцаар сүүлд Коралайн хэмээх хүүхэлдэйн кино үзүүлсэнээс болж хэдэн хоног унтаж чадалгүй айж, орондоо шээгээд аавд баахан зодуулсанаас хойш дахиж ийм зүйл үзэхгүй хэмээн өөртөө амласан. Том болоод өөрөө хүүхдүүдтэй болохоороо нууцаар үзэж байж магадгүй гэж байнга шалгаж анхаарал тавина даа. Би харин тэдэндээ гоё хүүхэлдэйнүүд л үзүүлнэ. Симба бол харин ёстой баатар. Аав нь ч бас маш их хайртай байсан болохоор би нууцхан атаархдаг. Миний хүүхдүүд ч бас тийм байвал гоё доо. Би тэднийхээ төлөө өндөр байшингууд дээрээс үсэрч чадна хэмээн элдвийн юм бодож тэрүүгээр нэг хараалаа урсган хайж яваа ээжийнхээ аймар үгсийг сонсохгүйг хичээж байгаа тэр.
Би жинхэнэ ээжийгээ маш их санаж байна. Намайг байнга хайрлаж, хоол яаж идэхийг хүртэл зааж өгч, байнга л хажууд минь хамгаалж байсан хэдий ч яагаад гэдгийг нь мэдэлгүй намайг орхиод явчихсан.
Уржигдар аавын цохисон газар өвдөөд байгаа болохоор олигтой хурдан хөдөлж чадахгүй байгааг уг нь хэлээд эмч эгч дээр очмоор байвч мэдчихвэл улам нэмээд зодчих байх гэхээс ухаан алдчихмаар санагдаад байсан болохоор шүд зугаад тэсэхээс өөр арга байсангүй.
Гадаа бороо орж байгаа бололтой. Ээж чимээгүй болж түжигнэсэн хүмүүс л сонсогдож байгаагаас харвал өнөөх аз жаргалтай зургаан минут нь дуусаж яарч байгаа бололтой.
Би буруутай..
Би бас хоцорч болохгүй учраас одоо гарвал намайг анзаарахгүй байх. Хаалга түгжчихвэл гал тогооны цонхоор гарах аргаа ах нараараа залгаад сурчихсан болохоор надад тийм ч их асуудал гарахгүй гэдгийг мэдэж байлаа.
Надад авч явах нэг л зүйл байсан болохоор бэлдчихсэн байсан газраа бушуухан гүйж очоод төлөвлөсөн ёсоороо цонхоор гарч цэцэрлэг рүүгээ хөлийн хурд мэдэн гүйв.
Бороо гэнэтхэн хүчтэй орсон болохоор би шалба норж багшдаа очоод бас л загнуулах нь дээ гэсэн айдас бүрэн эзэмдээд авлаа.
Хашааны буланд байдаг хэсэг дээр жаахан л бороо ороход туначихдаг муухай нүх байдаг руу хөлөө дүрчихвэл бүх зүйл маш муугаар эргэнэ гэдгийг мэдсээр байж бүр гэдсээрээ түрүүлгээ хараад уначихаад уйлж байгаадаа итгэсэнгүй. Би ч ёстой бүтэлгүй хар новш юм даа.
Аав байнга хэлдэг болохоор надад бараг новш гэдэг үг амны уншлага шиг болчихсон. Би ганцаараа уур хүрэхээрээ байнга хэлдэг. Бас заримдаа тэнэг царайлаад өөдөөс ганц үг ч дугараад надтай ярилцдаггүй чихмэл баавгайг бас дургүй хүрэхэрээ новш гэчихдэг.
Бороо маш хүчтэй орж надаас хуурай гэх зүйл үлдсэнгүй. Мэдээж ойрхон байсан ч ингэтлээ норчихсон тул Норжоо багш одоо бүр их уурлаж, шууд ээж рүү залгаж намайг оруулахгүй гэж л таарна. Тэр үед нь харин буцаад цонх руу авирах талаар ах нараараа заалгаагүй болохоор яаж даарахгүй орой болгоноо гэсэн айдсаа тээсээр азаа үзэхээр шийдэж цэцэрлэгийн үүдэндээ ирлээ.
Би лав том болоод хүүхдүүдээ энэ багшид өгөхгүй. Ёстой муу багш гэж бодож ч амжаагүй байхад үүдний хаалга онгойж нөгөө багш маань үгийн зөрүүгүй шууд цээж рүү хүчтэй өшиглөж орхих нь тэр. Би багшаасаа үүдний хэсэг дээр бороо намжтал байж байгаад явчихая тэгэх үү гэж гуйх гэсэн боловч ямар ч нэмэр байсангүй. Шууд хаалга хаагдчихлаа.
Гадаа тэнгэр бүр хав хараараа эргэлдээд хүчтэй аадар бороо орж эхлэх үед би маш их айж эхэллээ.
Цэцэрлэгийн цонхоор харин гартаа цагирган боов барьсан найзууд маань над руу харан хамраа даран шоолж байгаагаас харвал би үнэхээр инээдтэй харагдсан бололтой.
Одоо харин даарахаа жаахан больчихсон болохоор ээжийг ирж автал ядаж найзуудаа хөгжөөгөөд амжих хэрэгтэй гэсэн туйлын зорилго төрж тэрүүгээр нэг гүйж эхэллээ.
Надад сайхан байна. Энэ удаад би тэдэндээ сайхан зүйл хийж байгаа болохоор, бас надаас болж тэд загнуулахгүй болохоор ..
Би буруугүй ..
Багш нэг нэгээр нь өргөж цааш нь буулгаж байгаа нь ойлгомжтой болж Саруулыг хамгийн сүүлд авахад тэр над руу идэхүү гэж сарвайж байсан цагирган боов цаашаа үсрээд явчихав. Саруул уйлж эхэлж байгаагаас харвал намайг харж бас надад туслах гэж байгаад зодуулж байгаа нь илт байлаа.
Би буруутай ..
Хэрэв миний төрсөн ээж маань байсан бол өдөр бүр ийм аймшигтай байхгүй л байсан байх даа гэсэн өрөвдөлтэй бодлоо тээсээр тоглоомын талбайд очиж гулсуурны дор орж жаахан суухаар шийдэв.
Хэрвээ ингэж байгаад би халдварт өвчин авчихвал энэ муу цэцэрлэгийн бүдүүн захирал авгай ч гэсэн хариуцлага хүлээх болно гэж өөртөө хэлээд шүдээ зуун тэсэхээр сэтгэл шулуудав.
Хэсэг зуур өнгөрсний дараа бороо намдаж нар жаахан сүүмийх үед намайг хэн нэгэн тэврээд явж байлаа.
-
Ишш, ишш хөөрхий дөө. Хөөш Норжмаа чи гараад ир! Яах гэж энэ нэг амьтныг ингэж ад үзэж байдаг юм гэсэн хачин маягтай хоолойноос сонсвол энэ манай хажуу айлын Марал эгч мөн болохыг сонслоо.
Марал эгч саяхан төрсөн ч гэсэн хүүхдээ алдчихсан гэж аав ярьж байсан. Гэхдээ би алдчихсан гэдэг үгийнх нь утгыг сайн ойлгоогүй. Төрөнгүүтээ зугтаагаад явчихсан гэхээр итгэмээргүй. Би чинь хөлд орох гэж бас овоо юм болсоноо санаад байхад.
Надад сэрэх сэдэл ерөөсөө төрсөнгүй. Ил зууханд гал ассан байх ба намайг гоё цэнхэр өнгийн хучлагаар хучсан байгаагаас харвал би дулаахан сайхан л байгаа бололтой.
Миний хувцас гэсэн бодлууд толгойд орж ирэв. Босоод хайж эхэлсэн ч олсонгүй. Харин Марал эгч бушуухан гүйж ирээд буцааж хөнжилд минь оруулаад хэвтүүлчихэв. Ээж орой ирээд хувцаснууд шавхай болчихсон байгааг харвал аавд хэлж зодуулна гэхээс бүр ухаан сүнсээ алдтал айж байгаа юм чинь.
Марал эгч надад сүү өглөө. Ямар гоё халуун, гоё амттай юм. Марал эгч миний хажууд суугаад хүүгээс минь ялгаа юу байхав дээ чи, яасан ч муухай хүмүүс гэхээр чамтай ингэж харьцаад байдаг юм хэмээн уйлаад л байлаа.
Би юм хэлчихээр бүр нэмээд уйлуулчих байх гэж айгаад дугарсангүй. Угаасаа хоолой маань өвдчихсөн бололтой.
Маш их хөндүүрлэж байна.
Би тайван байна ..
Ёстой гоё амттай мах хамар нэвт татан үнэртэх үеэр би сэрлээ. Ойрд ингэж тайван унтаагүй ямар сайхан байв аа. Аав ээжийн яриад байдаг хайр гэдэг нь бодвол энэ л байх даа.
Би том болохоороо яг ийм үнэртэй, ийм гоё хөнжилтэй болох юм байна. Цэцэрлэгт явуулж ч яадаг юм. Марал эгч шиг ингэж их хайрлавал миний хүүхдүүд том болоод сайн хүн болно гэсэншүү юм бодож байтал хаалга хүчтэй балбах чимээнээр өөрийн эрхгүй зогтусчихлаа.
-
Маралаа чи үхсэнээ хийгээд хүний амьдралд оролцоод явдаг юм. Наадах чинь үхсэн ч ер нь яахав. Бүр тэгээсэй ч гэж бодож байхад чи гэж нэг юм гэртээ аваад орчихлоо гэж байна. Хаалгаа нээ, хөөе гэх байж ядсан хоолойг танихад амархан байлаа. Ээж үүдэнд ирчихэж. Гэхдээ би явмааргүй байгаагаа сайн мэдэж байсан болохоор цэнхэр хөнжилдөө улам шигдэж хэвтээд аавын гарын хүчтэй цохилтуудыг төсөөлөн түрүүлж өвдөх нь холгүй айж эхэллээ.
-
Чи муу хүний сүг! Амьтантай ингэж харьцаж байхаар надад өгчих. Би тэжээгээд сайхан хайрлаад амьдруулчихаж чадна. Хүн болж чадаагүй миний үрийн сүнс нь ч юм билүү хэн мэдлээ гэх үг намайг бүр яг хөшөө шиг хөшүүлж орхих нь тэр?
-
Би Марал эгчийн хүүхдийнх нь сүнс юм уу. Ах нар Коралайн дээр гардаг сүнснүүд ёстой аймар гэж намайг айлгаснаас хойш би тэр үгийг сонсохоор л ухаан алдчих гээд байдаг болохоос биш өөрөө сүнс гэж дуудуулах юм гэж хэзээ ч бодож байсангүй.
-
Чи наад муу гөлгөө тэгвэл дахиад миний нүдэнд битгий харуулаарай. Ашгүй. Наад адгуустайгаа үүрд жаргаарай муу азгүй авгай. Түй, хэмээн нулимах зуур би үүдний толины дэргэд очиж тэдний маргалдаж байхыг харж зогслоо.
Энэ удаад харин би толинд өөрийгөө харахаар очсон ч шал өөр зүйл олж харав. Намайг нэрээр минь дуудалгүй байнга гөлөг минь гээд байдагт гайхаж бас гомддог байсан.
Гэсэн хэдий ч би үнэхээр нохой л юм байна шүү дээ. Одоо л ойлголоо. Би нохой байсан юм байна.