


Тааз болон ханыг саарлаар шийдсэн нь хар өнгөнд дуртай орчин цагийн дотор заслыг илтгэж байна. Хананд цэгүүдээс бүрдсэн хэд хэдэн зураг байх ба магадгүй их үнэтэй ч байж мэдэх.
Зочны өрөөний яг голд гар хийцтэй мөн л нэлээн минималист байдлаар шийдсэн ширээн дээр зөвхөн авокадо жимснүүдийг бүтнээр нь тавьчихсан байлаа. Хажууд нь хэд хэдэн хоосон хундага байх ба уух зүйл байхгүй байгаа нь сонин.
Зүүн хананд нь ил гал түлэх хэсэг байх авч мэдээж энэ цагт асаж байгаа цог үзэгдэхгүй тайван байх. Буйдангууд дээр суух хүмүүс нь сууж хоорондоо юм ярилцах ба төгөлдөр хуурын ард хуруугаа хүргэж байвч тоглохгүй байгаа нэгэн хүн сууж хий хөдөлгөөн хийх зуураа бусдыг анхааралтай ажиглан сууна.
Байшингийн баруун буланд харин бараг л тайз шиг хэсэг байх ба авсны таг нээлттэй байлаа. Амгалан унтаж буй эрэгтэй хүн байх ба хажууд нь бусад хүмүүс салах ёс хийж хөл хөдөлгөөн тасрахгүй байх аж.
Гадаа тэнгэр газар нийлэх нь гэмээр хүчтэй аянга цахилгаан дугарч хааяа хааяа айж цочмоор гэрэл өрөөг бараг бүтнээр нь бүрхэж байлаа.
Магадгүй талийгаачийн хүссэнээр л бүх зүйл болж байгаа гэж тааварлаж болохоор зүйл тэнд маш их байв. Жишээ нь хэн ч тэнд юм идэхгүй бас уухгүй байхаас өгсүүлээд.
Гадаа хаалганы дэргэд хэвтэж буй спанел нохой нэлээдгүй хөгширсөн байх харагдах ба өрөөг бүхэлд нь харж хааяадаа ийш тийшээ гүйж очиж үнэрлэхээс өөр зүйл хийхгүй байх.
Ямар нэг зүйл хараад эсвэл анзаараад байх шиг. Эзнийгээ байгаа юм шигээр хардаг гэдэг дам яриа байдаг хэдий ч баталж нотолсон зүйл байхгүй. Байж ч магадгүй.
Энэхүү гашуудлын цугларалт дээр олон янзын хүмүүс иржээ. Тэр дотор хар багаасаа бүх зүйл дээр хамт байсаар ирсэн туниа муутайгаараа өтөлж байгаа Тэнгис яваа харагдсан нь бусдын дургүйг хүргэж бүгд л зай барьж байгаа нь мэдэгдэж байв.
Мань хүн жаахан хүртчихдэгээрээ алдартай болсон ба хэтрүүлчихээрээ заавал асуудал тарьж байж санаа амардаг нэгэн ажээ.
Түүнийг харин нэг л хүн зогсоож чаддаг байсан нь одоо харин чимээгүйхэн хэвтэж байгаа хүн.
Салсан эхнэр нь гурван хүүхдийнх нь хамт ирсэн байгаа харагдах ба том хүү нь аавыгаа үгүйлэн санагалзаж хажууд нь сууж бодолд автаж байгаагаас нөгөө хоёр нь бол их хүйтэн хөндий харагдав. Тэднийх гурван тэрсхэн өссөн хүүтэй аж.
Дунд болон бага хүү нь ээжийнхээ гараар өссөн ба аавынхаа зүгээс санхүүгийн тусламж байнга авах сонирхолд бүрэн эзэмдэгдсэн гэдэг нь энэхүү хөндий байдлаас харагдах. Одоо тэрээр тэжээгчээ алдсан жижигхэн гөлөгнүүд шиг авир гаргаж байлаа.
Саяхан гэрлэсэн бяцхан хатагтай харин тэрүүгээр их л хээнцэр бас итгэлтэйгээр хүмүүстэй юм ярилцан, заримдаа жуумалзан инээвхийлж яваа харагдана. Харин түүнийг анхааралтай харан зогсоо бие хамгаалагч гэмээр хямдхан хослол өмсөж хэн өөрт нь зохиж байна гээд хэлчихсэн юм гэмээр бүрх малгай тавьчихсан залуу их сонирхолтой харагдлаа. Хэнтэй ч юу ч ярихгүй байгаагаас харвал гаднын хүн бололтой. Бяцхан хатагтайг нүд салгалгүй харсаар байгааг нь сонирхож жаахан ухмаар.
Бүдүүрч гүйцсэн хэдэн махан бөмбөгнүүд харин маш чимээгүйгээр шивнэлдэн ярьж байв. Мэдээж талийгаачийн бүрэн эзэмшдэг байсан корпорацыг цаашид хэрхэн хуваах талаар маргалдаж байх нь тэр.
Хуульчийн зүгээс гэрээслэлд тусгасан бүх зүйлсийг одоо ч хамаагүй яваад үзмээр байна гэсэн увайгүй үг хэлж байгаа нь зэвүү хүрмээр ч гэсэн хэнчиг л ингэх байсан даа гэсэн бодол төрмөөр санагдлаа.
Энэ хооронд харин үүдэнд зогсож байсан нөгөөх үл таних этгээд алга болчихсон байгааг хэн ч анзаарсангүй. Учир түүний зогсож байсан газрыг хөгшин Бади нохой эзэгнэчхээд жаахан дурамжхан суугаа л харагдав.
Хоёр давхрын зохион байгуулалт мөн л адил орчин үеийн шийдэлтэй. Бүх зүйл нь автоматчилсан системтэйгээр их л нарийн хийгджээ.
Шатнууд нь хүртэл хөгшин настай хүний байшин гэхэд итгэмээргүй дизайнтай байхаас гадна жаахан халамцуу үедээ болж олж барьж чадахгүйгээр шууд өнхрөхөөр сонин байв.
Дээд давхарт орой бүр ганцаараа суун тамхиа татаж сонин уншдаг жижиг өрөө байх ба тэндээсээ заримдаа суурин утаснаас хүмүүстэй ажил хэргийн яриагаа явуулдаг зарчимтай.
Харин энэ жижигхэн өрөөнөөс нэлээн хол зайд гол унтлаганы өрөө байрладаг. Тэнд бяцхан хатагтайн гоёл чимэглэлээ хадгалах, хувцаснуудаа өрөх гэх мэтийг л бараг дурдаж болохоор байх ба өрөөний яг голд тухтай сайхан ор байрлах ажээ.
Хөгшин анд Бади нохой яагаад ч юм дээшээ гарч явааг хэн ч анзаарсангүй. Тэрээр хагас онгорхой байгаа унтлагын өрөө рүү амьтны сурсан зангаараа шуудхан яваад ороход харин орон дээр хоёр хүн завгүй байгааг олж харах нь тэр. Мөнөөх үл таних этгээд бяцхан хатагтай хоёр биеийн тамирын дасгал хийж байгаатай таарсан Бади багахан санаа алдаад буцаад явав. Чаддаг сан бол гаднаас нь хаалгыг нь хаах байсан гэхэд мөрийцсөн ч алдахгүй.
Хүрэлцэн ирсэн хүмүүс хүчтэй цахилгаантай байгаатай холбогдуулан явахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь харваас илт байлаа.
Харин энэхүү байдлыг нэгэн хүн хүрэлцэн ирснээр эвдэж чадлаа. Талийгаачийн ээж хөгшин яаж орноосоо боссон юм гэмээр таягаа тулан туслахуудаа дагуулан орж ирлээ.
Тэрээр хар саарал даашинз өмссөн байх ба энэ хөгшин хүнд яаж ийм их эрч хүч гэнэт гараад ирэв гэмээр цэмбэгэр алхаж байгаа харагдлаа.
Сүүлийн хоёр жил шахам гэрээсээ цухуйгаагүй тэр хөгшин аяга цай авчрахыг гэрийн үйлчлэгч нарт үүрэгдэм аядаад, хүүгийнхээ дэргэд очин хэсэг зогсов. Хэн ч түүнтэй юм ярихыг хүссэнгүй. Хүсээгүйдээ ч биш айгаад л тэр байх.
Хөгшин хатагтай энэ удаад инээмсэглэж байлаа. Нүдэнд нь хорслын туяа цацарч байх нь бүгдэд ил байсан хэдий ч хэн ч түүнийг ямар учиртайг сонирхохыг хүссэнгүй.
Энэ хүйтэн нөхцөл байдал хүмүүсийг машинаа дуудан явахад хүргэж байхтай зэрэгцэн дээд давхраас дасгалаа хийж дууссан залуус хүмүүст анзаарагдахгүйг хичээн бууж ирэх ба тэднийг анзаарсан ганц л амьтан бол хөгшин Бади л байлаа. Тэр ярьж чаддаг сан бол одоо бараг орилмоор л байгаа байх.
Хүмүүсийг гарч эхэлж байгааг анзаарсан бор арьстай жижигхээн залуу талийгаачийг байрлуулсан газраас жаахан зайтай гарч зогсоод
-
Хүрэлцэн ирж бидэнтэй гашуудлыг маань хуваалцаж байгаа та бүхэнд баярлалаа. Талийгаач маань та бүгдэд бүх хайраа зориулж өөртөө гэлгүйгээр тус хүргэж байсан юм шүү гэдгийг сануулаарай хэмээн надад хэлснийг дамжуулахад таатай байна. Хэдийгээр өөрөө өдөр бүр та бүхэнд хайр мэдрүүлэх үгс хэлдэггүй байсан нь амьдралынхаа турш дотроо өөрөө өөртөө түүнийгээ хэлэн зөвхөн үйлдлээрээ харуулахыг зорьсоор байсан гэдгийг мөн нэмж хэлмээр байна. Би энэ бүхнийг зохиож хэлээд байгаа биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Цаашдын бүх үйл ажиллагааг түүний хуульч нарийн мэдэж байгаа ба энэ талаар удахгүй мэдэгдээд эхлэх байх. Дахин баярлалаа.
Хариуд нь хэн ч дугарсангүй. Мэдээж баярлалаа гээд алга ташилтай нь биш.
Гал тогооны хэсэгт хуулийн зөвлөх болон түүний багийнхан дээр бүдүүн найзууд нь очсон их нухацтай ярьж байгаа харагдав. Тэд харин энэ бүх гашуудлын ярианы дунд огтхон ч анхаарал хандуулалгүйгээр гэрээслэлийн зарим нэгэн заалтуудыг хэрхэн яаж өөрчлөх талаар зөвлөлдөж байгааг сонсож болохоор.
Үүнийг нь бүр сонссон зарим нэгэн хүмүүс айж бушуухан холдож байгааг ч харж болмоор. Нэг сонин зүйл ажиглагдсан нь тэдгээрийн дунд ээжтэй нь хамт ирсэн том биетэй залуу бас байгаа нь сонирхол татам. Энэхүү ярианд их л гол дүр бүтээж байгаагаас харахад бас чухал оролцоотой байгааг мэдэж болмоор.
Эргээд том хүү дээр анхаарал ирмээр санагдаж байгаа нь тэрээр гунигтайгаар инээмсэглэж хөгшин Бадитай тоглож байгаагаар илрэв. Тэр 2 мөн л багаасаа хамтдаа тоглож өссөн найзууд учраас нэгнээ сайн мэдэж байж л таарна.
Гадаа хэдий байдал тийм сайнгүй байгаа ч хэвлэлийнхэн бас нэлээдгүй цуглаж дор дороо өөрсдийн зохиосон байж мэдмээр зүйлсээ ярьж мэдээ бэлтгэж байлаа.
-
УИХ-н гишүүн, Aimcorp-н ерөнхий захирлын энэхүү гэнэтийн үхэл улс даяар цочрол өгч байна. Түүний ажиллаж байсан улсын хэмжээний төсөлт хөтөлбөр цаашид хэний гар дээр очих бол гэсэн асуулт маш их сонирхол татаж байна
-
Хоолны хордлогоос болон гэнэтийн байдлаар нас барсан гэгдэж буй УИХ-н гишүүн Aimcorp-н ерөнхий захирал бусдад хорлогдсон байх магадлалтайг цохон тэмдэглэж байна
-
Түүний үхэлд гаднынхан нөлөөлсөн гэсэн цуу яриа олон нийтийн дунд гараад байгаа ба үүнд нь ойр дотнынх нь хүмүүс мөн гар бие оролцсон тухай мэдээллийг албаны хүмүүсээс ирүүлээд байгаа билээ
Мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч бүр өөр өөр таамаг дэвшүүлж байгаа харагдана.
Хуучны зурагт жирэлзэн дугарч байгаатай адил чимээ сонсогдох үед гэрэл огцом асаж цэнхэр хувцастай хүмүүс орж ирлээ. Саарал дотор засалтай нэлээдгүй том өрөөний яг голд байрлуулсан буйдан дээр нэгэн хүн хэвтэж байв.
-
Та нүдээ аажуухан нээгээрэй. Хурц гэрэлтэй байгаа болохоор гэмтэх магадлалтай шүү.
-
Ойлголоо гэсэн сөөнгө хоолой сонсогдсоны дараагаас сэргэсэн байгааг нь мэдсэн цэнхэр хувцастнууд яаравчлан хоёр талаас нь түшиж босгов.
-
Та намайг сайн сонсож байна уу?
-
Тийм ээ, би сонсож байна. Миний том хүүг хаанаас ч хамаагүй олоод ир гэж ганц л зүйл гуймаар байна гэсэн сөөнгө хоолойтын захиасаар хэд хэдэн хүмүүс шуудхан ажилд орж хөл хөдөлгөөн нэлээн нэмэгдээд эхэллээ.
Тэрхүү саарал өрөөнөөс уртаа гэгч гудамжаар түрдэг сандал дээр тухлан сууж хүргүүлэн бор хүрэн өнгийн будагтай, бүх зүйл нь модоор бүрэгдэж гайхалтай үнэр өөрөөсөө ялгаруулсан өрөөнд хүргэгдэж ирэв. Цай ууж суугаа хижээл насны хүний нүдэнд гуниг хурсан байгаа нь харваас илт байлаа.
Цаад өрөөнөөс орж ирсэн цэнхэр хувцастан энэхүү чимээгүй байдлыг эвдэн
-
Таны сэтгэл санаа хэвийн бус эсвэл бүр аз жаргалтай байгаа эсэхийг бид мэдэхгүй. Энэ тухай гэрээнд маш тодоор заасан байгаа та мэдэж байгаа. Таны харсан бүх зүйлсийг бид хараагүй гэдгийг бид үүгээр дахин бататгаж хэлж байгаа маань энэ гэдгийг ойлгоорой. Ойрын хэд хоног зүүдэнд тань зарим зураглал орж ирэх магадлалтай учир манай мэргэжлийн баг хамт олон хажууд тань байж энэ тал дээр анхаарч ажиллах болно.
-
Би мэдэж байгаа. Та явж болно.
-
Нэг л зүйл нэмж хэлье. Та үнэхээр ихийг бүтээж яваа хүн шүү гэдгийг манай захирал заавал дамжуулаарай гэсэн юм. Та амьдралын сүүлийн мөчийн дараах агшнаа харж ямар их аз жаргалыг бусдад түгээснээ мэдэрсэн байх гэж найдаж байна. Таны амьдрал хайраар дүүрэн байсан гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна. Баярлалаа, баяртай.
-
Дүүрэн байлаа. Одоо эндээс тонилж үз.